Wednesday, May 20, 2015

Ажил & Мөнгө

Гадаадад байхдаа санах 6 “тарни”

Ажил & Мөнгө  | 2015.05.18
“Урам зориг минь чи хаашаа явчихаа вэ? Хоёулаа энд, тэгтлээ хүсч байж ирсэн мөрөөдлийнхөө газарт байна шүү дээ!”
Гадаадад байхдаа санах 6 “тарни”
Гоолингоо нь чиний урам зориг, эрч хүчийг анх эх орноосоо гарах үеийнх шиг нь эргүүлэн дуудах сэргээш шиг 6 “тарни”-ийг бэлдлээ. Үүнийг тогтоосны дараа чамайг цонхоор шинэ салхи орж ирж байгаа юм шиг л цэнгэг агаар бүчин авна гэдэгт итгэлтэй байна.


Чамайг “Чадна” гэдэгт итгэсэн хүмүүсийн итгэлийг үргэлж сана.
Лондонд сурдаг дүү маань шантрах үедээ, бүхнийг орхиод явмаар санагдах үедээ онгоцны буудал дээр өөрийг нь гаргаж өгсөн дотны хүмүүсээ эргэн санадаг гэнэ. Ингэхэд түүнд итгэсэн, эрч хүчээр дүүрэн маш олон харцыг анх харж байх үеийн мэдрэмж дахин төрдөг бөгөөд өөрийгөө одоогийнхоосоо хамаагүй “өөр” амьдрах ёстойг мэдэрдэг аж. Тиймээс “Чадахгүй нь” гэж бодогдсон үедээ итгэл тээж чамайг явуулсан хайртай хүмүүсээ санаарай. Тэд дэргэд чинь байхгүй ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг юм шүү дээ. Бат найдвартай ар тал чинь л гэсэн үг.
Нэгэн цагт энэ чиний мөрөөдөл байсныг нэхэн сана.
Байдал хэчнээн дор байгааг чамаас өөр хэн ч сайн мэдэхгүй. Яагаад гэвэл яг чам шиг амьдарч буй хүн нь ганцхан чи өөрөө шүү дээ. Гэхдээ байдал дор байлаа гээд нэгэн цагт энэ чиний мөрөөдөл, ирэхийг хамгийн их хүссэн газар байсныг битгий март. Хэрвээ чи анхных шигээ урам зоригтой хэвээр байсан бол одоогийн өөрийгөө хараад яах бол?
Дэмжүүлэх сайхан ч эхлээд өөрөө өөрийгөө дэмжих ёстойг сана.
Фейсбүүк дээр “Ганцаардаж байна”, “Хурдан буцмаар байна”, “Монголдоо байх шиг сайхан зүйл алга аа” гэх зэрэг статус бичихэд чамд санаа тавьдаг хүмүүс орж ирж эрч хүч бэлэглэж байгаа биз? “Чи минь мундаг болохоор чадна аа”, “Бид нар энд тийм ч гоё биш л байна шдээ” гээд л. Гэхдээ охин минь, чамд үнэхээр бусдын үг, магтаал тийм хэрэгцээтэй байна гэж үү? Хэрвээ чиний талаарх эерэг хандлага урам зоригийн чинь ганц эх үүсвэр байвал цаашид сэтгэл санаа нь үргэлж л бусдаас хамааралтайгаар өөрчлөгддөг болчихно шүү дээ. Хэн нэгэн намайг яриасай, сэтгэлийн дэм өгөөсэй гэж боддог, магтаал сонсохгүй бол хэд хоногтоо гундуу явдаг, өөрөөр хэлбэл муу занд суралцана гэсэн үг. Бусдаар дэмжүүлэх сайхан ч гэлээ эхлээд өөрийгөө өөр юунаас ч хамааралгүйгээр тэтгэж, дэмжиж, цэнэглэдэг бол. Эзгүй арал дээр ганцаар үлдвэл аврах багийнхан иртэл л лав дэмээр “өлсөхгүй” сэтгэлийн тэнхээ, хамгаалалтыг өөртөө бий болгоорой.
Бусад шиг байх албагүйг сана.
Нэг найз маань “Энд ирсэн бүх монголчууд долоо хоногт дор хаяж гурван удаа шоуддаг юм байна” гэж Солонгост очоод хэлж билээ. Тэр эх орондоо байхдаа архийг жигшиж, тамхийг дээд зэргээр үзэн яддаг бүсгүй байсан юм л даа. Зургаан сарын дараа гэхэд тэр үнэхээр л долоо хоногт 3-4 удаа “орой  гардаг” нэгэн монгол болсон.
Ямар ч хүн байгаа орчиндоо уусдаг. Хамгийн хүчтэй, бие даасан оршихуй хүртэл. Тэгэхээр ийм зүйл тохиолдох нь тийм ч буруутай хэрэг биш байгаа биз? Үүнээс цааш ахин бусдыг дагалдахгүй, урсгал дагуу хөвөхгүй гэдгээ л өөртөө амлачих. Өмнө нь хэлсэнчлэн хүн бүр давтагдашгүй учир ирээдүй ч гэсэн өөр л байж таараа. Хэрвээ анхны зорилгоо умартаад, аялдан дагалдаад байвал бусдын ирээдүйд л тусалж, бүтээж өгч байна гэсэн үг. Өөрийнхийгөө лав биш шүү.
Аль хэдийн шат ахиснаа эргэн сана. Түрүүнээс хойш сургаал айлдаад л байсанд уучлаарай. Чи зорьсон газраа ямартай ч ирсэн, байгаа гэдэг нь л жилийн өмнөх өөрөөсөө аль хэдийн шат ахисан байгааг илтгэж буй юм шүү. Чи чаджээ, найз минь!
Бид бүгд нэг дэлхий дээр амьдарч байгааг сана.
 “Хүнд өөрт нь байхгүй зүйл л гоё харагддаг” гэх үг бий дээ. Эх орондоо байвал гадагшаа явмаар санагдана, гадаадад байгаа бол Монгол руугаа хурдан буцмаар санагдана. Хорвоогийн зарчим нь ердөө л энэ юм. Хүсч байгаа зүйлийг яг тэр үед нь өгдөггүй, үнэ цэнийг нь ахин дахин мэдрүүлж байж л сая олгодог болохоор хүн төрөлхтөн оршин тогтнодог юм шүү дээ. Тиймээс одоо байгаа цагаа л үр бүтээлтэй/Үр бүтээлгүй байсан ч өөрт хөгжилтэйгээр/ өнгөрүүлээрэй.

No comments:

Post a Comment