Хэрхэн сайн найз байх вэ?
2015.05.20
Бурханы
авралаар бид ямар ч байсан нэг сайн найзтай, бас дор хаяж нэг хүний
сайн найз нь байдаг. Хэтэрхий зожиг, бүх хүмүүсийг үзэн яддаг биш л бол
хорвоогийн долоон тэрбум хүнд дээрх зарчим яг адилхан үйлчилнэ. Гэхдээ
тэд бүгд сайн найз байж чаддаг болов уу? Өөрөөсөө ч гэсэн асуугаад үз.
Чи сайн найз мөн үү?
Хамгийн сонин нь насны зөрүүнээс шалтгаалаад хүмүүсийн бодолд сайн найз өөр өөр утгаар ойлгогддог аж. Нийтлэлдээ зориулан тус бүр 10 насны зөрүүтэй таван хүнээс асуухад доорх байдлаар хариулт өгч байна.
17 нас: Үнэнч байж үргэлж хамт байх.
27 нас: Хэцүү үед сэтгэл санаагаар дэмжиж, хэрэг болсон цагт тусалж чаддаг нэгэн.
37 нас: Нэгнээ урам зоригийн галаар дутаадаггүй, хувийн амьдралд хошуу дүрдэггүй найзыг хэлнэ.
47 нас: Надад атаархдаггүй, хувийн амьдралаараа өрсөлдөггүй, хамт байхад амьдралын аз жаргалыг мэдрүүлдэг хүн.
57 нас: Одоог хүртэл надтай хамт байж чадсан нэгэн.
“Сайн найз” гэдэг үгийн утгыг “Залуусын хүч” хэмээх 2011 оны номонд “Бие биенийхээ үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, хуваалцах чадалтай хүмүүсийг хэлнэ. Ингэснээр хүсч буй амьдралдаа хүрэх урам зоригийг нэгэндээ өгч, зоригжуулдаг” гэжээ. Хэцүү үед сэтгэл санаагаар дэмжих, өвчтэй үед нь хоол хийж асрах, уулзах зав үргэлж гаргах гэдэг муугүй тус л даа. Гэвч эмэгтэйчүүдийн нөхөрлөл насан туршид үргэлжлэхийн тулд үүнээс ч чухал зүйл хэрэгтэй болдгийг дээрх хариултууд баталж буй мэт санагдсан юм.
Нөхөрлөл бүхэнд тулгардаг асуудлын тухай ярихын тулд би өөрийнхөө найзуудын тухай дурсмаар байна. Бид цэцэрлэгт соскаа хувааж өсөөгүй ч арван жилд байхаасаа найзлан одоо арав хэдэн жилийг ардаа үдээд буй. Эхний таван жил бүгд хамтдаа сурч байсан тул хаа сайгүй, цаг минут тутам хамтдаа хэлхэлдэж, дундын дөрвөн жилд их сургуулийн оюутнууд завгүй гүйлдсэн ч уулзах цагийг яаж ийгээд гаргадаг байлаа. Харин сүүлийн гурван жилд ихэнх нь айлын эзэгтэй, ээж болцгоосон тул уулзаж суух байтугай хоорондоо мэнд мэдэх нь ч ховрын зүйл болсон юм. Мэдээж энэ нь гэр бүлтэй болсонтой тийм ч холбоотой биш л дээ. Харин нөхөрлөл гэдэг үргэлж уулзах, бие биенийхээ асуудал ч юм шиг, үгүй ч юм шиг зүйлсийг тунгаан хэлэлцэх, бүх сонин хачнаа марталгүй ярих тухай биш гэдгийг л ойлгосон хэрэг. Одоо бид гурван сард ганцхан удаа уулзаж ярилцдаг ч, бүх зүйл багынхаас маань ихээр өөрчлөгдсөн санагддаг ч үүндээ хэнийгээ ч буруутгадаггүй. Түүний оронд ийм завгүй амьдралынхаа дунд ингэж бие биендээ цаг гаргаж буйдаа л хангалттай баяртай, сэтгэл хангалуун явдаг билээ.
Фейсбүүкт “Нью-Йоркийн хүмүүс” (Humans of New York) нэртэй хуудас ажилладгийг та нар мэднэ дээ. Нэг удаа ресторанд даруухан хооллож буй хоёр өвгөний зураг нийтлэгдсэн ба тайлбар нь “Бид жилд нэг удаа л уулзаж, хооллонгоо ярилцдаг. Яг ийм байдлаар нөхөрлөөд 40 жил өнгөрч байна” гэсэн байлаа. Энэ бүхнээс сайн найз байхын шалгууруудыг яаж дүгнэж болно гээч?
1. Найзуудаасаа юуг ч бүү хүлээ. Харин сэдсэн санаачлага бүрийг нь талархан хүлээж ав.
2. Хувийн амьдралаа хэт хувийн ярихыг бүү шаард.
3. Найзуудаасаа үргэлж зав гаргахыг бүү гуй. Харин сард тогтмол уулздаг товтой бол.
4. Асуудлынхаа тухай ярихдаа тэднээс онцгой зөвлөгөө ирнэ гэж бүү хүлээ.
5. Мөн тэдэнд ч гэсэн өөрийнхөө зөвлөгөөг дагахыг бүү ятга.
6. Бүү буруутга.
7. Бүү урмыг нь хугал.
8. Найзуудынхаа үнэ цэнийг хүндлэ. Байхгүй санагдвал олж харахыг хичээ.
9. Гаргасан санаачлага чинь хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн ч хамаагүй, тэднийг хөгжилдөх үйл ажиллагаанд урихаасаа бүү татгалз.
10. Тэд чамд “өгөхгүй” байсан ч хайрлаад л бай.
Эднийг хэрэгжүүлэхэд жаахан хэцүү л дээ. Гэхдээ насан туршийн нөхөрлөл амархан бүтэх учиргүй шүү дээ.
No comments:
Post a Comment